Previous
Next
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ

Аялал жуулчлалын салбар нь цар хүрээгээрээ дэлхий дахинд авто машины үйлдвэрлэл, нефтийн үйлдвэрлэлийн дараа ордог томоохон салбар, тухайн улс оронд гадаадын 1 жуулчин ирэхэд 20 ажлын байр идэвхждэг гэсэн судалгаа байдаг. 2019 оны сүүлчээр манай урд хөрш БНХАУ-д  COVID 19 халдвар голомтлон гарч одоогоор дэлхийн бараг бүх улс оронд халдвар нь тархаад байна. Вирусын халдварыг  дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “цар тахал” хэмээн нэрлэж одоогоор баруун Европын Итали, Испанид гамшгийн хэмжээнд хүрч, түүний араас дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ халдвар авагсад болон нас барагсдын тоогоор гуравт бичигдэх боллоо.

Манай улсын Засгийн газраас дээрх үүссэн нөхцөл байдалтай уялдуулан улс даяараа онцгой байдлын дэглэмд шилжиж агаарын болон төмөр замын хилээ хааж, их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 04 сарын 30 хүртэл хоригллоо. МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комисс гадаад орноос ирэх хүсэлт ирүүлсэн иргэн бүрийнхээ хүсэлтийг хүлээн авч чартер нислэгээр иргэдээ тээвэрлэн ирсээр байна.

Монгол улсад гадаад орноос вирусын тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирснийг Улсын онцгой комисс, ЭМЯ, хяналтандаа авч эмчилгээ үйлчилгээг шат дараалан хийснээр  эдгэрч илааршиж байгаа талаар таатай мэдээтэй байна. Гэсэн хэдий ч бид тайвшралгүй улам их хариуцлагатай байх, хамгийн гол нь бид цаашид халдварыг нэмэгдүүлэхгүй тогтоон барих, халдвартай иргэдийн эмчлэн эдгэрүүлэх нь чухал байна.

Үүнээс гадна бид эдийн засгаа хэвийн хэмжээнд тогтоон барих, ажилгүйдэл ядуурлаас урьдчилан сэргийлэх ажлыг мөн давхар авч хэрэгжүүлэхгүй бол “вирус дагасан хямрал” бий болох нөхцөл бүрдээд байна. Аялал жуулчлал бол онцлог ихтэй, нийгмийн бүх салбартай уялдаж байдаг, үр өгөөжтэй хэдий ч маш эмзэг салбар гэдэг нь сүүлийн 3 сард үүссэн нөхцөл байдлаас тодорхой болж, энэ талаар БОАЖЯ, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн мэргэдийнхээ санаа, оноог сонсож төр хувийн хэвшил хамтран шийдвэрлэх асуудлаа тодорхойлох түвшинд ажиллаж байна.

МУ –ын Засгийн газраас 2020 онд 1 сая жуулчин хүлээн авах томоохон зорилтыг тавьж энэ талаар ч чамгүй ажил амжуулж өнгөрсөн онд 600,0 /зургаан зуун мянга/ жуулчин хүлээн авсан нь багагүй үр дүн. Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарт 50,0 /тавин мянган/ хүн хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгааг саяхан мэдээлсэн, эдгээр хүний ард дунджаар 10,0 гаруй өрх айлын амьдрал явж байгааг бид бодолцож бодит хямралыг хэрхэн даван туулах талаар “эрсдэлийн менежмент” хийх цаг нь болжээ.

Хөвсгөл аймаг нь аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт дэвшүүлж, аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боловсруулж түүнийгээ  хэрэгжүүлэх гарааны жил дээрээ явж байна. Манай аймагт аялал жуулчлалын салбарын суурь тавигдаж, анхны жуулчны бааз 1992 онд байгуулагдснаас хойш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зочид буудал, жуулчны бааз, гэр буудлууд олноор байгуулагдаж аймгийн хэмжээнд зочлох үйлчилгээний 200 орчим ААН үйл ажиллагаа явуулж аялал жуулчлалын идэвхтэй улирал буюу 6-8 сард гадаадын 20,0, дотоодын 70,0-80,0 жуулчдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлж энэ салбарт 3000 гаруй иргэн хөдөлмөрлөж байна.Тэр дундаа Хатгал тосгон, Ханх сумын иргэд аялал жуулчлалаас шууд хамааралтай амьдарч байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Азийн хөгжлийн банкны 3,0 сая долларын санхүүжилтээр ХНБЦГ-ын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл 2016-2019 онд хэрэгжсэн ба одоо Тогвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 18,0 сая долларын төсөл 2019-2024 онд хэрэгжихээр ажил нь эхлээд байна.

Монгол Улсад  аялал жуулчлалыг хөгжүүлэх олон давуу тал бий, аялал жуулчлалын салбараа хямралд оруулахгүй авч үлдэх нөөц бололцоо ч бас  байна, манай аймаг 2015-2016 онд аймгийн Засаг даргаас санаачлан “Аялал жуулчлал Ажилтай орлоготой Хөвсгөл богино хугацааны хөтөлбөр гаргаж амжилттай хэрэгжүүлж байсан удаатай. Аялал жуулчлалын салбарт одоогоор  “нэгдмэл зорилго, зөв бодлого төлөвлөлт”ийг гаргах хойшлуулшгүй  шаардлага үүсээд байна.

 Ойрын хугацаанд “Нэг үеэ бодвол аялж, амарч сураад байгаа дотоодын аялагчдиддаа зориулсан аяллын бүтээгдэхүүн” –ээ тодорхойлох,  тэдэндээ хандсан үйлчилгээндээ анхаарвал зах зээлээ аврах гарц байгаа нь лавтай, 2015 оны  наадмын үеэр манай аймаг дотоодын аялагчдын хамгийн их массыг хүлээн авч ТХГ-ын нэвтрэх цэгээр 2 хоногт 10,0 машин нэвтэрч, бензин колонк, банкны АТМ, үйлчилгээний газар бүрт урт дараалал үүсч ачаалал үүссэнээс,  аялагчдыг  хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй,  жуулчны баазууд, гэр буудлын үнэ ханш өсч  болж байсан бол,  2019 оны “Хөх сувд” мөсний баяраар 30,0 /гучин мянга/ хүн хүрэлцэн ирсэн нь улирлын хамааралгүйгээр аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж байгаа гэдгийг ч бас нотлон харуулсан.

Бидэнд боломж байна. хүүхэд хөгшидтэйгээ хөл хорионд байсан иргэд, гадаад оронд олон сар  жилээр  амьдарсан нутаг нэгтнүүд маань 2020 оны “зун намрын 6 сард аялж зугаалж, алжаал ядаргаагаа тайлж, хүйтэн өвлийг даван гарах хүч тамираа тордох нь лавтай” харин бид үүнийг зөв голдрилоор шийдэх нь хэн хэндээ чухал. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж ажлын байр бий болгож олон зуун өрх айлын амьдралыг үүрч яваа хүн бүхэнд  эрсдлийг боломж болгон харах, сул талаа хэрхэн давуу тал болгон ашиглах талаар саналаа нэмэрлэхийг зорилоо.Та бид сонголт, сорилтын  өмнө ирсэн байна. Нүдээ нээцгээе.

Дэлхийн улс орнууд  хил хязгаагүй,  бие биенээсээ  хамааралтай болох нь улам бүр нэмэгдсээр “Ханиад хүрэхэд л хамтдаа эрсэддэг” нэг дэлхий ертөнцөд бид амьдарч байна.  Шалгарал явагдаж байна, амьдрал үргэлжилнэ,  тэсч үлдэх нь чухал. Бид бүтээсэн түүхийнхээ гэрч болон үлдэх ёстой.

Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дуламсүрэн

Сонордуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!
2020/04/24

УС АШИГЛАХ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2020/04/24

НОГООН ЗЭЭЛ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
2020/04/21

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ЭРСДЭЛ БА БОЛОМЖ
2020/04/08
Холбоо барих